Мөрийтэй тоглоом Монголд хууль ёсны юу?

Монгол Улс 1990-ээд онд чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс мөрийтэй тоглоомыг хууль ёсны болгох хүчин чармайлт гарч, казиногийн тухай хууль батлагдаж байсан түүхтэй. Харамсалтай нь удаагүй уг хууль хүчингүй болсон. Одоо мөрдөгдөж буй хуулиар мөрийтэй тоглох нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”-д заасан эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог. Энэ зүйлд, олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл  6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Харин мөрийтэй тоглоом тоглох нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг ба үүнд, “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Үүнээс гадна “Тоглоом, мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй” гэж Иргэний хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл тоглож алдсан мөнгө нөгөө хүний хууль бусаар олсон орлого болох тул улсын орлого болж үлдэнэ. Мөрийтэй тоглоод хожсон мөнгөө авъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үг.

 Саяхан Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалыг дэмжих тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү багц хуульд Агнуурын тухай хууль, Морин бооцоот уралдаан, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай зэрэг хуулиуд багтжээ. Казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгаа, эдгээрт ямар тоглоом хамаарах, үйл ажиллагаандаа ямар дүрэм, журмыг мөрдөх, юуг хориглох зэргийг тодорхойлсон хууль байхгүйн улмаас 2006 оноос хойш ийм төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй байна.  Харин одоо хэлэлцэгдэж буй хуулийн төслөөр казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгааг тодорхой болгож, тусгай зөвшөөрөл олгох журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих хэм хэмжээ, биелүүлэх шаардлага, тавих хяналтын талаар хуулиар зохицуулж, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Харин хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод үйлчлүүлэхийг хориглосон нь гишүүдийн хооронд маргаан өрнүүлж, иргэн хүний эрхийг зөрчсөн гэж үзсэн. Монголчууд мөрийтэй тоглоом тоглох хүсэл их байгаа нь өсөн нэмэгдэж буй цахим мөрийтэй тоглоомын жишээнээс харж болно.  2020 онд мөрийтэй тоглоомтой холбоотой 56 хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 онд 6 дахин нэмэгдэж 326 болсон. Мөн жилд Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомд 100 орчим тэрбум төгрөг эргэлдэж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн юм.        Эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа өнөө үед казино байгуулахыг зөвшөөрч, хуульчлах нь Монголын хөгжлийн хөшүүрэг болж чадна гэж хууль санаачлагчид үзэж буй. Мэдээж гаднын жуулчдыг татаж, Азийн улсуудын жишгийг дагах боломжтой. Харин найз нөхдөөрөө нийлж хөзөр тоглох, мөрий тавьсан тохиолдолд гэмт хэрэг гэж тооцож, хар тамхитай адил үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг явдлаа болчихвол монголчууд гаднын сайтууд руу мөнгөө урсгаж, хамаг байдгаа тавих шаардлагагүй болно. Аливаа зүйлийг хорьж цагдах тусам хүсэл улам дэвэрдэг. Намайг өөрөөс минь хамгаалах нь төрийн үүрэг биш байлтай.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

© Copyright 2023 | DMS.mn